2007年8月14日火曜日

Мэндчилгээ

2007 он бол Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн жил бөгөөд Монгол дахь Японы жил тохиож буйгаараа онцлог юм.

Өнгөрсөн хугацаанд манай хоёр орны харилцаа өргөжин хөгжсөөр, өнөөдөр иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрээд байна. Харилцаа, хамтын ажиллагааны энэхүү өрнөл хөгжил, өргөн цар хүрээ, үйл явцыг дагалдан Монголд Япон судлал төлөвшин амжилттай хөгжиж байна.
Япон судлалыг цаашид гүнзгийрүүлэх хөгжүүлэх нь зах зээлийн тогтолцоонд шилжиж, урт хугацааны хөгжлийн цогц бодлогоо тодорхойлж байгаа өнөө үед Япон улсын хөгжлийн зүй тогтлыг танин мэдэх, эдийн засаг, боловсрол зэрэг салбарт олсон амжилт, хөгжлийн явцад тулгарсан ижил төстэй бэрхшээлтэй асуудлыг хэрхэн даван туулсан туршлагыг судлан Монгол орныхоо хөгжлийн асуудалд тусган хэрэгжүүлэх нь юу юунаас чухал ач холбогдолтой. Үүнтэй холбогдуулан япон судлаачид, эрдэмтэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр Монголын Япон Судлалын Нийгэмлэг үүсгэн байгуулагдсанд баяртай байна.
Монголын Япон Судлалын Нийгэмлэг нь Монгол Улсад япон судлалыг бүх талаар хөхүүлэн дэмжих, Японы нийгэм эдийн засгийн хөгжил, дэвшил, шинжлэх ухаан, соёл, боловсролын салбар дахь тэргүүний ололт амжилтыг өргөнөөр сурталчлан таниулахад тус дөхөм үзүүлэх, Монгол, Японы ард түмэн, олон нийтийн хооронд нөхөрсөг хэлхээ холбоо, тал бүрийн хамтын ажиллагааг бүхий л аргаар дэмжин хөгжүүлэх улмаар улс орноо Япон оронд сурталчлан танилцуулах зорилготой олон нийтийн байгууллага юм. Та бүхнийг манай нийгэмлэгтэй хамтран ажиллана гэдэгт найдаж байна.


Монголын Япон Судлалын Нийгэмлэгийн Тэргүүн,
Түүхийн шинжлэх ухааны доктор Ц. Батбаяр

Монголын Япон судлалын нийгэмлэгийн товч танилцуулга

Монголын Япон судлалын нийгэмлэгийг эрдэмтэн, судлаач нар болон олон нийтийн санаачилгаар 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үүсгэн байгуулж, нийгэмлэгийн дүрмийг батлан Удирдах зөвлөлийг сонголоо.
Тус нийгэмлэг нь Монгол Улсад япон судлалыг бүх талаар хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх, Японы нийгэм эдийн засгийн хөгжил, дэвшил, шинжлэх ухаан, соёл, боловсролын салбар дахь тэргүүний ололт амжилтыг өргөнөөр сурталчлан таниулахад тус дөхөм үзүүлэхэд, Монгол, Японы ард түмэн, олон нийтийн хооронд нөхөрсөг хэлхээ холбоо, тал бүрийн хамтын ажиллагааг бүхий л аргаар дэмжин хөгжүүлэх улмаар улс орноо Япон оронд сурталчлан танилцуулах зорилготой олон нийтийн байгууллага юм.

Нийгэмлэг нь түүний зорилго, үйл ажиллагааг дэмждэг хэн бүхэнд гишүүнээр элсэн ороход нээлттэй байна.
Тус нийгэмлэг нь судалгаа, мэдээллийн “Япон судлал” сэтгүүлийг хэвлэн нийтлүүлж, нийтийн хүртээл болгоно. Мөн тодорхой сэдэв, төслөөр дагнасан ба хамтарсан судалгаа хийх, судалгааны бүтээл туурвих, хэвлэн нийтлэх явдлыг төвлөрүүлж зохицуулна.
Өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу дотоод, гадаадын байгууллага, хувь хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоож хамтран ажиллах, олон улсын төрөл бүрийн хурал, симпозиум, уулзалт, семинар зэрэг арга хэмжээг зохион байгуулах, оролцох талаар нийгэмлэгийн дүрэмд заажээ.
Нийгэмлэгийн эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байх бөгөөд түүнээс сонгосон 15 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл нь нийгэмлэгийн өдөр тутмын үйл хэргийг хариуцан явуулна.