2007年10月26日金曜日

Япон судлалаар илтгэл тавихыг урьж байна

МЯСН-ын 2007 оны хурал 2007 оны 12 дугаар сарын 10-ны Даваа гарагт Монгол Япон төвийн хурлын танхимд өглөө 09:00 цагаас эхлэх гэж байна.

Энэ жилийн хурлаар Японы соёлын уламжлал ба шинэчлэлийн асуудлуудыг түлхүү авч үзэж, энэ сэдвээр тусгай илтгэлүүд тавиулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Зэн буддизм, Бушидо, Сумо бөхийн соёл зэрэг сэдвүүдээр тусгай илтгэлүүд тавигдах болно. Түүнчлэн Японы соёлоос гадна Япон хэл шинжлэл, түүх, улс төр, эдийн засаг, боловсрол зэрэг сэдвүүдээр илтгэл хүлээн авах болно.

МЯСН-ын оны хуралд илтгэл тавих хүмүүс 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өмнө илтгэлийн сэдэв, илтгэлийн товчлолоо МЯСН-ийн Гүйцэтгэх захирал Загдцэсэмд ирүүлнэ үү. Илтгэлийг 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Хурлыг зохион байгуулах комисс хүлээн авах болно.

Холбоо барих утас: 317185, 99884016

E-mail: *zagdtsesem@yahoo.com* <zagdtsesem@yahoo.com>;
pnaranbayar@gmail.com* <pnaranbayar@gmail.com>

Website: http://japanstudymongolia.blogspot.com

* Хурлыг зохион байгуулах комисс*

* 2007.10.25*

2007年10月4日木曜日

МОНГОЛЫН ЯПОН СУДЛАЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ДҮРЭМ

Монголын Япон Судлалын Нийгэмлэгийг Үүсгэн

Байгуулагчдын 2007 оны 4 дүгээр сарын

26-ны өдрийн Хурлаас батлав.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нийгэмлэг нь Монгол Улсад Япон судлалыг бүх талаар хөхүүлэн дэмжиж хөгжүүлэхийн тулд олон нийтийн төрөл бүрийн байгууллага болон шинжлэх ухаан, соёл урлаг, нийгэм, төрийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, оюутан багш нар, ажил хэрэгч буюу хувь хүмүүсийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн “гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага” мөн.

1.2. Нийгэмлэг нь Монгол Улсын Төрийн бус байгууллага /ТББ/-ын эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

1.3. Нийгэмлэг нь ТББ-ын хувьд Монгол Улсын хуулийн этгээд бөгөөд тус улсын Үндсэн хууль болон бусад холбогдох үндэсний ба олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулсан дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.

1.4. Нийгэмлэг нь өөрийн тамга, албан бичгийн хуудас, нэрийн хаягтай байна.

Хоёр. Нийгэмлэгийн зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл

2.1. Нийгэмлэг нь Монгол Улсад Япон судлалыг бүх талаар хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх, Японы нийгэм эдийн засгийн хөгжил, дэвшил, шинжлэх ухаан, соёл, боловсролын салбар дахь тэргүүний ололт амжилтыг өргөнөөр сурталчлан таниулахад тус дөхөм үзүүлэх явдлыг гол зорилгоо болгоно.

2.2. Энэ зорилгын тулд Нийгэмлэг нь зохих байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр судалгаа, мэдээллийн сэтгүүлийг хэвлэн нийтлүүлж, нийтийн хүртээл болгож байна. Мөн тодорхой сэдэв, төслөөр дагнасан ба хамтарсан судалгаа хийх, судалгааны бүтээл туурвих, орчуулах, хэвлэн нийтлэх явдлыг төвлөрүүлж зохицуулна.

2.3. Өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу дотоод, гадаадын байгууллага, хувь хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоож хамтран ажиллах, олон улсын төрөл бүрийн хурал, симпозиум, уулзалт, семинар зэрэг арга хэмжээнд идэвхтэй оролцож, мөн тийм арга хэмжээг Нийгэмлэг нь зохион явуулж байна.

2.4. Нийгэмлэг нь гишүүдийнхээ мэргэшлийг дээшлүүлэх, хэлний дадлага хийлгэх, туршлага судлуулах, судалгааны томилолтоор явуулж ажиллуулахад бүх талын дэмжлэг үзүүлнэ.

2.5. Нийгэмлэгийн үйл ажиллагаа нь Монгол, Японы ард түмэн, олон нийтийн хооронд нөхөрсөг хэлхээ холбоо, тал бүрийн хамтын ажиллагааг бүхий л аргаар дэмжин хөгжүүлэх улмаар улс орноо Япон оронд сурталчлан танилцуулах үйлсэд бүрэн чиглэнэ.

Гурав. Нийгэмлэгийн бүтэц, зохион байгуулалт

3.1. Нийгэмлэгийн эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.

3.2. Бүх гишүүдийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа хийнэ. Хурлаар Нийгэмлэгийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, Удирдах Зөвлөлийг сонгох, шинэчлэх, огцруулах мөн Нийгэмлэгийг өөрчлөн байгуулах, татан буулгах зэрэг асуудал ба ажлын тайлан, үйл ажиллагааны цаашдын чиглэлийн талаар хэлэлцэж зохих шийдвэр гаргахын хамт Нийгэмлэгийн санхүүгийн тайланг хэлэлцэнэ.

3.3. Бүх гишүүдийн ердийн олонхийн ирцээр хуралдааныг хүчинтэйд тооцно.

3.4. Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг гишүүдийн ердийн олонхийн саналаар батлана.

3.5. Нийгэмлэгийн өдөр тутмын ажил хэргийг бүх гишүүдийн хурлаас хоёр жил тутам сонгогдох 15 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах Зөвлөл, түүнээс сонгосон Нийгэмлэгийн тэргүүн, дэд тэргүүн, гүйцэтгэх захирал шууд хариуцан явуулна.

3.6. Удирдах Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй хуралдаж, цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.

3.7. Удирдах Зөвлөлийн гишүүдийн ердийн олонхийн ирцээр хуралдааныг хүчинтэйд тооцно.

3.8. Удирдах Зөвлөлийн шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар батална.

3.9. Нийгэмлэг нь 3 хүний бүрэлдэхүүнтэй Хяналтын Зөвлөлтэй байна.

Дөрөв. Гишүүн, гишүүнчлэл

4.1. Нийгэмлэг нь ардчилсан төвлөн удирдах зарчимд тулгуурласан нээлттэй байгууллага байх бөгөөд түүний дүрмийн үүрэг зорилго, үйл ажиллагааг дэмждэг хэн боловч гишүүнээр элсэх ба тодорхой шалтгаанаар гишүүнээс татгалзах, түдгэлзэх бүрэн эрхтэй.

4.2. Нийгэмлэгийг санаачлан зохион байгуулагчдыг гишүүнээр шууд элссэнд тооцох бөгөөд анхдагч гишүүд болно. Гишүүн болох сонирхолтой хүмүүс санал хүсэлтээ Удирдах Зөвлөлд илэрхийлэн элсэж болно.

4.3. Нийгэмлэгийн үүрэг зорилгыг хүндэтгэн үзсэн гадаадын иргэд гишүүн байж болно.

4.4. Гишүүн бүр Нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй, ажил хэрэгч оролцох ба бүх гишүүд Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрийг ёсчлон биелүүлнэ.

4.5. Гишүүд санал хүсэлт, өргөдөл гомдлоо чөлөөтэй илэрхийлэх эрх эдэлнэ.

4.6. Нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж, судалгааны ажилдаа үр бүтээлтэй ажиллаж байгаа монголын ба гадаадын иргэд, гишүүддээ “хүндэт өргөмжлөл” хүртээж алдаршуулах ажил зохионо.

Тав. Нийгэмлэгийн санхүүжилт

5.1. Нийгэмлэгийн санхүүгийн эх үүсвэр нь гишүүдийн татвараас бүрдэнэ. Мөн Монголын ба гадаадын талархан дэмжигч, ивээн тэтгэгч байгууллага, хамт олон, хувь хүмүүсээс оруулах хандив, судалгаа, сурталчилгааны бүтээл, хэвлэл нийтлэл, урлаг соёлын арга хэмжээ болон бусад үйлчилгээнээс орох орлого зэргээс бүрдэнэ.

5.2. Нийгэмлэгийн гишүүдийн татварыг Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн тогтоно. Бусад байгууллага, хувь хүмүүсээс өгөх хандивийн тоо хэмжээг тогтоохгүй бөгөөд өөрсдийн боломж саналаараа оруулах ба тэр нь төгрөг, валютын ямар ч хэлбэрээр байж болно.

5.3. Нийгэмлэгийн мөнгөн санхүүг судалгаа, сурталчилгаа, шагнал урамшил, гадаад, дотоодын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах ба оролцох, гишүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, зочид хүлээж авах үйлчилгээ зэрэгт зарцуулна.

5.4. Мөнгөн санхүүгийн зарцуулалтанд Нийгэмлэгийн Хяналтын Зөвлөл хяналт тавьж ажиллана. Хяналтын Зөвлөл Бүх гишүүдийн хуралд тэр тухай мэдээлж байна.

Зургаа. Нийгэмлэгийг татан буулгах журам

6.1. Нийгэмлэгийг Дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан болон дүрэмд заасан бусад үндэслэлээр татан буулгаж болно. Ийнхүү татан буулгах тухай шийдвэрийг Нийгэмлэгийн эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурал гаргана.

6.2. Нийгэмлэг Дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан, хууль тогтоомж ноцтой, эсвэл удаа дараа зөрчсөн тохиолдолд шүүх албадан татан буулгаж болно.

6.3. Нийгэмлэгийг татан буулгасан нөхцөлд зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрвээ тийм төрийн бус байгууллага байхгүй бол зорилгодоо нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.

Улаанбаатар хот

2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр