2008年11月28日金曜日
Хурлын тов хойшиллоо
2008年11月10日月曜日
Зарлал
Монгол дахь Япон Улсын Элчин сайдын Яам
Илтгэл тавихыг урьж байна
Монголын Япон Судлалын Нийгэмлэгээс “Японы улс төр, эдийн засаг, гадаад харилцаа” сэдвээр эрдэм шинжилгээний хурал 2008 оны 12 дугаар сарын 20-нд хийх болсон тул хуралд илтгэл тавих хүсэлтэй япон судлаачид болон энэ талаар сонирхож буй хүмүүс нийгэмлэгийн majstudies@yahoo.com mail хаяг, 317185, 99047718 тоот утсаар харилцаж илтгэлийнхээ сэдэв болон товчлолыг тус нийгэмлэгт 12 дугаар сарын 1-ний дотор ирүүлнэ үү.
Монголын Япон Судлалын Нийгэмлэг
Монгол, Японы Буддагийн шашны улс төрийн нийтлэг үзэл санааны тухайд
Ш.Бира
Одоогоос 10 гаруй жилийн өмнө миний бие Токиогийн Гадаад судлалын их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн хэл, соёлыг судлах хүрээлэнд зочин профессороор уригдан ажиллаж байхдаа Монгол, Японы Буддагийн шашны түүхийг харьцуулан судлах асуудлыг сонирхон зарим нэг судалгааны ажлыг хийж үр дүнгээс нь мэрэгжил нэгт судлаачид, оюутан багш нарт лекци, яриа хийж санал бодлоо солилцож байв. Мөн энэ талаар тусгайлан өгүүлэл бичиж нийтлүүлсэн болно.
Гэвч энэ талаар өөрийн эх орны судлаачидтай санал бодлоо төдий л хуваалцаж байсангүй. Харин өнөөдрийн уулзалтын буянаар та бүхэнтэй санал бодлоо товч боловч хуваалцах гэж байгаадаа би баяртай байна.
Аливаа орон судлалын ухаанд, ялангуяа ойр дөт улс орнуудыг судлахад харьцуулсан судалгааг хийх явдал холбогдох орнуудын харилцаа холбоог хөгжүүлэх, харилцан ойлголцох явдлыг өрнүүлэх, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх үйлст практикийн чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглүүштэй. Энэ үүднээс авч үзэхэд манай Монголын эрдэмтэн судлаачдаас Энэтхэг, Хятад, Түвд, Япон болон Азийн улс орнуудын иргэншил, соёлын талаар харьцуулсан судалгааг явуулж ирсэн нь эдүгээ цагт Монгол ба бусад улс орнуудын хооронд нөхөрсөг харилцаа, харилцан ойлголцох явдлыг хөгжүүлэхэд зохистой үр дүнгээ өгч байгаа гэдэгт би гүнээ итгэдэг. Жишээ нь: Монголын эрдэмтэн бид нараас Энэтхэг, Монголын эртний соёл, шашны харилцааг харьцуулан судалж байгаа нь тус хоёр улсын олон нийт харилцан танилцах, ойлголцох явдалд их тус нэмэр болж улмаар улс хоорондын найрамдал, хамтын ажиллагааг өрнүүлэхэд үлэмж тус нэмэр болж буй гэдэгт миний бие гүнээ итгэдэг. Манайх шиг бага улсад Хятад, Энэтхэг, Япон гэх мэтийн том улс орнуудын судалгааг дангаар нь бие даалган хөгжүүлэх хэмээвээс хүч хөрөнгө үл хүрэлцэх нь тодорхой. Ийм учраас бид эдгээр улсын хувьд Монгол оронтойгоо харьцуулан судалбал илүү хялбар бөгөөд ашиг тустай байгаа юм.
Энэ удаад би Монгол, Японы Буддагийн шашны түүхийг зарим талаар харьцуулан судлахын ач холбогдлын талаар товч өгүүлэхийг хүсэж байна.
Сүүлийн үед Япон, Монголын хооронд хүмүүнлэгийн харилцаа, тойрон аялал, албан ба хувийн айлчлал, зочлолт ихээхэн идэвхтэй хөгжиж байгаа боловч хоёр улсын түүх, соёл, шашин зан үйлд байгаа нийтлэг бөгөөд адил төстэй үнэт зүйлс цөөнгүй байгааг монгол, япон хүмүүс аль нь ч төдий л сайн мэдэхгүй байгаа учир харилцан ойлголцох явдал төдий л хангалттай бус байна. Би өөрийн амьдралд тохиолдсон наад захын нэг жишээг дурьдая. Хэдэн жилийн өмнө миний бие өөрийн нэг гадаад зочинд Жанрайсигийн сүмийг үзүүлж явахад хэдэн япон хүмүүс мөн тэнд явж байв. Монгол тайлбарлагч нэгэн залуу лам орчуулагчаар нь дамжуулан энэ бол Жанрайсиг гэдэг бурхан, монголчууд бидний их шүтээн, дөчнөөн метр өндөр, бүтээхэд нь их алт мөнгө орсон гэх зэргээр тайлбарлаж байв. Үүний хажуугаар нь миний бие өөрийн гадаад зочиндоо англи хэлээр Жанрайсиг бурхны талаар нилээд дэлгэрэнгүй тайлбарлан ярьж энэ бурхныг монголчууд түвд нэрээр нь Жанрайсиг гэдэг боловч Буддагийн шашинт Азийн орнуудад Авалокитешвара гэдэг санскрит нэрээр нь сайн мэддэг бөгөөд тэр нь бурхны шашинтнуудын нийт дундын их шүтээн. Хуучин цагт монголчууд энэ бурхныг мөн Хонсум Боддхисатва хэмээдэг байсан бөгөөд энэ нь хятад хэлнээс зээлдэн авсан “Кuan shin-yin” хэмээх нэр бөгөөд мөн япончууд ч энэ бурхны нэрийг бас хятад хэлнээс зээлдэн авч “Каннон” хэмээдэг, мөн япон хүмүүс ч их шүтдэг бурхан гэх зэргээр ярьж байтал нэг япон эрэгтэй миний ярихыг анхааралтай сонсож байснаа над руу ойртож ирээд таны ярихыг сонсоход их сонирхолтой байна, япончууд бид үнэхээр энэ бурхныг Каннон хэмээдэг, бид ч бас их шүтдэг, харин бид түүнийг танайхаас арай өөрөөр дүрслэн бүтээдэг. Танд их баярлалаа, би Монголд Каннон бурхантайгаа, тэгээд бас ийм том дүртэй нь дайралдана гэж бодоогүй. Би их биширч байна хэмээгээд халааснаасаа 5 доллар гаргаад бурханд өргөв. Чингээд үзэгч бидний хооронд нилээдгүй нөхөрсөг яриа, хөгжөөн өрнөж байж билээ. Амьдралын энэ өчүүхэн тохиолдол бол харьцуулсан судалгааны наад захын хэрэгцээний ач холбогдлын нэг тод үлгэр жишээ мөн юмаа.
Одоо би гол зүйлдээ орж Монгол, Японы Буддагийн шашинт хаант төрийн зарим нэг нийтлэг үзэл санааны талаар товч өгүүлье. Тус хоёр орон нь Их Хөлгөний Буддагийн шашин /Махаяна буддизм/ дэлгэрч байсан нийтлэг нэг шашны түүхтэй байсан билээ. Энэ учраас ч Монгол, Япон хоёрт хаант засгийн тухай адил төстэй, шашны улс төрийн нийтлэг үзэл онол үүсэн хөгжиж тэдгээрийн төр улсын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж байсан билээ.
Дундад зууны үеийн Японы түүхийг авч үзвээс буддизм нь харилцан өрсөлдөн хямралдаж байсан тархай бутархай овог аймгуудыг номхотгон нэгтгэж ертөнцийн ба номын хэмээх “хоёр ёсун”-ы засгийг хослон баригч хүчирхэг эзэн хааны нэгдсэн засаг төрийг анх үндэслэн байгуулахад чухал түүхэн үүрэг гүйцэтгэсэн ажээ. Өөрөөр хэлбэл Буддизм Японы төр улсын хөгжлийн түүхэнд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. Энэ нь хожуу үеийн Монголын төр улсын түүхэнд Буддизмын гүйцэтгэсэн түүхэн үүрэгтэй харьцуулан авч үзэж болохоор байгаа юм. Өмнө дурдсан Авалокитешвара буюу Каннон боддхисатвагийн хувилгаан хэмээн алдаршсан Шотоку Тайши /574-622/ буюу хутугту тайжи Умаядо хэмээгчийн анх тунхагласан хэмээх “Jushichi-jo no Kempo” буюу “Арван долоон зүйлийн тогтоосон цааз” хэмээх Японы анхны цаазын бичигт Японы төр улсын зохион байгуулалтын үндсэн зарчмуудыг анх тодорхойлон өгсөн байдаг бөгөөд тэдгээр зарчим нь үнэн хэрэг дээрээ Буддагийн шашин, төрийн гол сургаал болох “Номын засаг” ба “Ертөнцийн засаг” хэмээх “хоёр ёсун”-ы сургаалд суурилсан байжээ. Уг цаазын бичгийн хамгийн эхний зүйлд “эв найрыг сахитугай, хямралыг тэвчтүгэй...” хэмээн онцлон зааж улмаар тэр цагийн Японы иргэдийг нэгэн эзэн хааны засгийн дор эвлэлдүүлэн нэгтгэхийг заажээ.”Кемпо” цаазын хоёрдугаар зүйлд “Гурван эрдэнийг үнэнхүү шүттүгэй, гурван эрдэнэ-Будда, Дхарма /ном гэж шашин, ном бичиг бус!/, Сангха /хуврага/ бол амьтан бүхний аврал, хүн бүрийн бишрэлийн эрхэм мөн. Хэн ч атугай энэ номыг үл шүтэн бүү үйлд. Угаас хэрцгий амьтан цөөн, номхотгож чадваас “номыг” үл дагах нь нэгээхэн ч үгүй; гурван эрдэнийн авралд эс орвоос яахан нүглийг тэвчиж чадах билээ...” хэмээжээ /Nihongi Chronicles of Japan from the earliest times A.D. 697. Translated by W.G.Aston, Charles E.Tuttle Company.
“Хоёр ёсун”-ы тухай Буддагийн үзэл баримтлал Японы хууль цаазанд батлагдан бичигдсэн төдийгүй, мөн Японы эзэн хаадын олон үеийн туршид засаг төрийн бодлого ухаанд бүрэн хэрэгжиж ирсэн түүхтэй болой. Буддагийн шашин нь Японы эзэн хааны төвлөрсөн засаг төрийг бэхжүүлэн хөгжүүлэх үйлст маш чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн хэлж болно. Манай он тооллын 8-9-р зуунд Япон нь Буддагийн шашинт эзэн хаант нэгдсэн хүчирхэг улс болон хувирав. Буддагийн хаант засгийн “хоёр ёсун”-ы төр засгийн баттай тогтолцоо болох Японы их эзэн хааны “ертөнцийн засаг” ба Хятад, Солонгосын их багш нарын “номын засаг”-ийн алдаршгүй бат барилдалгаа нэгэнт бүрэлдэн тогтсон байв. Эдгээр “хоёр ёсун”-ы засгийн нэгдлийн бэлгэ тэмдгийг илэрхийлэн 710 онд Японы шашин, төрийн анхны нийслэл хот Нара үндэслэн байгуулагдав. Тэрхүү нийслэлд монголчууд бидний сайн мэдэх Бэрүзана буюу Намнан бурхны том хүрэл цутгамал дүрийг бүтээн гол дуганадаа залан байрлуулав. Одоогийн япончууд тэрхүү Бэрүзана буюу Намнан бурхныг “Тодайжи” /Todaiji/ буюу “Их Будда” хэмээн нэрлэдэг нь бас л Бэрүзана бурхны учир утгыг одоогийн япон хүмүүс тэр болгон мэддэггүй болсны гэрч хэмээн үзүүштэй.
Монгол, Япон хүмүүсийг оюун санааны хувьд ойр дөт болгож байсан нэг чухал хүчин зүйл бол Буддагийн Их Хөлгөн судрууд байсныг онцлон тэмдэглүүштэй. Тэд хэдийгээр харилцан өөр цаг үед, харилцан адилгүй хэлээр боловч /монголчуудын хувьд голчлон түвд хэлээр, япончуудын хувьд хятад хэлээр/ нэгэн адил Буддагийн Их Хөлгөн судруудыг уншин, тахин шүтэж ирсэн байна. Үүнд ялангуяа “Эрхт сударнуудын хаган Алтангэрэл нэрт Их Хөлгөн судар”-ыг хааны засгийг сахин тэтгэгч их судар хэмээн Монгол, Япон хоёрт үлэмж тахин шүтэж ирсэн түүхийг товч боловч сануулах хэрэгтэй. Энэхүү судрыг санскритаар “Suvarnaprābhasottama-sūtra” хэмээдэг бөгөөд япончууд “Konkomyokyo” хэмээн нэрлэдэг. Энэхүү судар нь аль 7-р зуунаас эхлэн Японд дэлгэрч “Цагаан лянхуа”, “Билгийн чанад хязгаарт хүргэсэн” хэмээх хоёр их хөлгөн судрын хамт “Төрийг сахин тэтгэх гурван судар” /”Toкокү самбуке”/ хэмээн онцлон тахин шүтэж иржээ. 694 онд “Алтан гэрэл” судрыг нэг зуун хувиар барлаж Японы мужаар түгээж, түүнийг тэргүүн сарын шинэдээр алдалгүй тогтмол уншуулж байхыг хуульчлан тунхаглажээ. Үүнээс хойш энэ судрыг “Төрийг сахин тэтгэх судар” хэмээн тахих явдал Япон даяар дэлгэрэв.
Мөн үүний нэгэн адил “Алтангэрэл” судрыг монголчууд аль Монголын Их Язгуур буюу Юан улсын үеэс эхлэн тахин шүтэж, ялангуяа XYI зуунд Түмэдийн Алтан хааны үеэс дахин сэргэж улам өргөнөөр нийт Монгол даяар Түвд, Монгол хэлээр түгэн дэлгэрч сүүлийн үе хүртэл бараг Монгол айл өрх бүрийн хоймор залагдан тахигдаж байв.
“Алтангэрэл” судрыг Монгол, Японд ийнхүү онцлон тахин шүтэж байсны гол учир бол тэрхүү сударт номын их хаадын тухай болон тэдний буян үйлсийн талаар болон мөн энэхүү судрыг тахин шүтэж байхын тус буяны талаар ихэд номлосон байдаг юм. Судрын арван хоёрдугаар бүлэг бүхэлдээ “Хааны шашдир” /Rajaśastra/ хэмээх хааны засаг төрийн тухай сургаалд зориулагдсан байдаг. Энэ учраас ч эртний япончууд, монголчуудын анхаарал сонирхлыг онцгой татаж байсан хэмээн үзэж болно.
Мөнхүү сударт номлосон хаан бол “Тэнгэрийн хөвгүүн” /Devaputra/ мөн хэмээх үзэл бол эзэн хаанаа “Тэнгэр бурхны” ер бусын удамтай хэмээн үздэг эртний япон, монгол хүмүүсийн үзэл санаанд илүүтэй зохицож хааныгаа элдвээр өргөмжлөн тахин шүтэж байсны учир шалтгааныг олж мэдэхэд чухал ач холбогдолтой нь тодорхой.
Эцэст нь дүгнэн хэлэхэд: Монгол, Япон хоёр нь хэдийгээр газар зүйн хувьд алслагдан хол оршиж, шууд харилцаа холбоогүй явж ирсэн боловч бурхан Буддагийн дэлхийчлэгдсэн их сургаалын хүчээр нэгэн хэсэг үе оюун санааны нандин барилдлагатай болж, Буддагийн нийтлэг нэг соёлын хүрээнд хамаарагдаж байсныг бид мэдэж байхад илүүдэхгүй буй за. Үүний дүнд тус хоёр улсын соёл, хэв заншил болон түүх, нийгэм, улс төрийн үзэл санаанд ч нийтлэг бөгөөд адил төстэй зүйлс цөөнгүй буй болсныг бид умартах учиргүй.
2007年12月11日火曜日
Монголын Япон Судлалын Нийгэмлэгийн эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Монголын Япон Судлалын Нийгэмлэг
2007年10月26日金曜日
Япон судлалаар илтгэл тавихыг урьж байна
Энэ жилийн хурлаар Японы соёлын уламжлал ба шинэчлэлийн асуудлуудыг түлхүү авч үзэж, энэ сэдвээр тусгай илтгэлүүд тавиулахаар төлөвлөж байна. Тухайлбал, Зэн буддизм, Бушидо, Сумо бөхийн соёл зэрэг сэдвүүдээр тусгай илтгэлүүд тавигдах болно. Түүнчлэн Японы соёлоос гадна Япон хэл шинжлэл, түүх, улс төр, эдийн засаг, боловсрол зэрэг сэдвүүдээр илтгэл хүлээн авах болно.
МЯСН-ын оны хуралд илтгэл тавих хүмүүс 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өмнө илтгэлийн сэдэв, илтгэлийн товчлолоо МЯСН-ийн Гүйцэтгэх захирал Загдцэсэмд ирүүлнэ үү. Илтгэлийг 11 дүгээр сарын 25-ны өдрөөр тасалбар болгон Хурлыг зохион байгуулах комисс хүлээн авах болно.
Холбоо барих утас: 317185, 99884016
E-mail: *zagdtsesem@yahoo.com* <zagdtsesem@yahoo.com>;
pnaranbayar@gmail.com* <pnaranbayar@gmail.com>
Website: http://japanstudymongolia.blogspot.com
2007年10月4日木曜日
МОНГОЛЫН ЯПОН СУДЛАЛЫН НИЙГЭМЛЭГИЙН ДҮРЭМ
Монголын Япон Судлалын Нийгэмлэгийг Үүсгэн
Байгуулагчдын 2007 оны 4 дүгээр сарын
26-ны өдрийн Хурлаас батлав.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Нийгэмлэг нь Монгол Улсад Япон судлалыг бүх талаар хөхүүлэн дэмжиж хөгжүүлэхийн тулд олон нийтийн төрөл бүрийн байгууллага болон шинжлэх ухаан, соёл урлаг, нийгэм, төрийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, оюутан багш нар, ажил хэрэгч буюу хувь хүмүүсийн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн “гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага” мөн.
1.2. Нийгэмлэг нь Монгол Улсын Төрийн бус байгууллага /ТББ/-ын эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
1.3. Нийгэмлэг нь ТББ-ын хувьд Монгол Улсын хуулийн этгээд бөгөөд тус улсын Үндсэн хууль болон бусад холбогдох үндэсний ба олон улсын хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулсан дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулна.
1.4. Нийгэмлэг нь өөрийн тамга, албан бичгийн хуудас, нэрийн хаягтай байна.
Хоёр. Нийгэмлэгийн зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл
2.1. Нийгэмлэг нь Монгол Улсад Япон судлалыг бүх талаар хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх, Японы нийгэм эдийн засгийн хөгжил, дэвшил, шинжлэх ухаан, соёл, боловсролын салбар дахь тэргүүний ололт амжилтыг өргөнөөр сурталчлан таниулахад тус дөхөм үзүүлэх явдлыг гол зорилгоо болгоно.
2.2. Энэ зорилгын тулд Нийгэмлэг нь зохих байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр судалгаа, мэдээллийн сэтгүүлийг хэвлэн нийтлүүлж, нийтийн хүртээл болгож байна. Мөн тодорхой сэдэв, төслөөр дагнасан ба хамтарсан судалгаа хийх, судалгааны бүтээл туурвих, орчуулах, хэвлэн нийтлэх явдлыг төвлөрүүлж зохицуулна.
2.3. Өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу дотоод, гадаадын байгууллага, хувь хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоож хамтран ажиллах, олон улсын төрөл бүрийн хурал, симпозиум, уулзалт, семинар зэрэг арга хэмжээнд идэвхтэй оролцож, мөн тийм арга хэмжээг Нийгэмлэг нь зохион явуулж байна.
2.4. Нийгэмлэг нь гишүүдийнхээ мэргэшлийг дээшлүүлэх, хэлний дадлага хийлгэх, туршлага судлуулах, судалгааны томилолтоор явуулж ажиллуулахад бүх талын дэмжлэг үзүүлнэ.
2.5. Нийгэмлэгийн үйл ажиллагаа нь Монгол, Японы ард түмэн, олон нийтийн хооронд нөхөрсөг хэлхээ холбоо, тал бүрийн хамтын ажиллагааг бүхий л аргаар дэмжин хөгжүүлэх улмаар улс орноо Япон оронд сурталчлан танилцуулах үйлсэд бүрэн чиглэнэ.
Гурав. Нийгэмлэгийн бүтэц, зохион байгуулалт
3.1. Нийгэмлэгийн эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.
3.2. Бүх гишүүдийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа хийнэ. Хурлаар Нийгэмлэгийн дүрмийн нэмэлт өөрчлөлт, Удирдах Зөвлөлийг сонгох, шинэчлэх, огцруулах мөн Нийгэмлэгийг өөрчлөн байгуулах, татан буулгах зэрэг асуудал ба ажлын тайлан, үйл ажиллагааны цаашдын чиглэлийн талаар хэлэлцэж зохих шийдвэр гаргахын хамт Нийгэмлэгийн санхүүгийн тайланг хэлэлцэнэ.
3.3. Бүх гишүүдийн ердийн олонхийн ирцээр хуралдааныг хүчинтэйд тооцно.
3.4. Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг гишүүдийн ердийн олонхийн саналаар батлана.
3.5. Нийгэмлэгийн өдөр тутмын ажил хэргийг бүх гишүүдийн хурлаас хоёр жил тутам сонгогдох 15 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах Зөвлөл, түүнээс сонгосон Нийгэмлэгийн тэргүүн, дэд тэргүүн, гүйцэтгэх захирал шууд хариуцан явуулна.
3.6. Удирдах Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй хуралдаж, цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.
3.7. Удирдах Зөвлөлийн гишүүдийн ердийн олонхийн ирцээр хуралдааныг хүчинтэйд тооцно.
3.8. Удирдах Зөвлөлийн шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар батална.
3.9. Нийгэмлэг нь 3 хүний бүрэлдэхүүнтэй Хяналтын Зөвлөлтэй байна.
Дөрөв. Гишүүн, гишүүнчлэл
4.1. Нийгэмлэг нь ардчилсан төвлөн удирдах зарчимд тулгуурласан нээлттэй байгууллага байх бөгөөд түүний дүрмийн үүрэг зорилго, үйл ажиллагааг дэмждэг хэн боловч гишүүнээр элсэх ба тодорхой шалтгаанаар гишүүнээс татгалзах, түдгэлзэх бүрэн эрхтэй.
4.2. Нийгэмлэгийг санаачлан зохион байгуулагчдыг гишүүнээр шууд элссэнд тооцох бөгөөд анхдагч гишүүд болно. Гишүүн болох сонирхолтой хүмүүс санал хүсэлтээ Удирдах Зөвлөлд илэрхийлэн элсэж болно.
4.3. Нийгэмлэгийн үүрэг зорилгыг хүндэтгэн үзсэн гадаадын иргэд гишүүн байж болно.
4.4. Гишүүн бүр Нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй, ажил хэрэгч оролцох ба бүх гишүүд Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрийг ёсчлон биелүүлнэ.
4.5. Гишүүд санал хүсэлт, өргөдөл гомдлоо чөлөөтэй илэрхийлэх эрх эдэлнэ.
4.6. Нийгэмлэгийн үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж, судалгааны ажилдаа үр бүтээлтэй ажиллаж байгаа монголын ба гадаадын иргэд, гишүүддээ “хүндэт өргөмжлөл” хүртээж алдаршуулах ажил зохионо.
Тав. Нийгэмлэгийн санхүүжилт
5.1. Нийгэмлэгийн санхүүгийн эх үүсвэр нь гишүүдийн татвараас бүрдэнэ. Мөн Монголын ба гадаадын талархан дэмжигч, ивээн тэтгэгч байгууллага, хамт олон, хувь хүмүүсээс оруулах хандив, судалгаа, сурталчилгааны бүтээл, хэвлэл нийтлэл, урлаг соёлын арга хэмжээ болон бусад үйлчилгээнээс орох орлого зэргээс бүрдэнэ.
5.2. Нийгэмлэгийн гишүүдийн татварыг Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн тогтоно. Бусад байгууллага, хувь хүмүүсээс өгөх хандивийн тоо хэмжээг тогтоохгүй бөгөөд өөрсдийн боломж саналаараа оруулах ба тэр нь төгрөг, валютын ямар ч хэлбэрээр байж болно.
5.3. Нийгэмлэгийн мөнгөн санхүүг судалгаа, сурталчилгаа, шагнал урамшил, гадаад, дотоодын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах ба оролцох, гишүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, зочид хүлээж авах үйлчилгээ зэрэгт зарцуулна.
5.4. Мөнгөн санхүүгийн зарцуулалтанд Нийгэмлэгийн Хяналтын Зөвлөл хяналт тавьж ажиллана. Хяналтын Зөвлөл Бүх гишүүдийн хуралд тэр тухай мэдээлж байна.
Зургаа. Нийгэмлэгийг татан буулгах журам
6.1. Нийгэмлэгийг Дүрэмд заасан зорилгоо бүрэн хэрэгжүүлж дууссан болон дүрэмд заасан бусад үндэслэлээр татан буулгаж болно. Ийнхүү татан буулгах тухай шийдвэрийг Нийгэмлэгийн эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурал гаргана.
6.2. Нийгэмлэг Дүрмийнхээ зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулсан, хууль тогтоомж ноцтой, эсвэл удаа дараа зөрчсөн тохиолдолд шүүх албадан татан буулгаж болно.
6.3. Нийгэмлэгийг татан буулгасан нөхцөлд зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрвээ тийм төрийн бус байгууллага байхгүй бол зорилгодоо нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.
Улаанбаатар хот
2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр