2010年3月2日火曜日

Монголын Япон судлалын нийгэмлэгийн ээлжит ЭШБХ 3 дугаар сарын 9-нд зохион байгуулагдана.

Монголын Япон Судлалын Нийгэмлэгээс зохион байгуулж буй 2010 оны эрдэм шинжилгээний хурал 2010 оны 3 дугаар сарын 9-ний 10.00 цагт Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн I байр дугуй танхимд болох тул япон судлаачид болон Япон орныг сонирхогч өргөн олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зохион байгуулагч байгууллага:

Монголын Япон Судлалын Нийгэмлэг

Монгол дахь Япон Улсын Элчин сайдын Яам

Илтгэл

1. “Монгол дахь Япон судлалын өнөөгийн чиглэл хандлага” МУИС, ГХСС, доктор /Ph.D/, профессор Т.Мөнхцэцэг

2. “Хятад дахь Япон судлал ба Япон сан” Кожима Хироюки

3. “Японы засаг захиргааны тогтолцоо” Бээжингийн их сурууль доктор Бай Жили

4. “Монголын хөгжилд Японы хүчин зүйл” ШУА-ийн ОУСХ-ийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор/Ph.D/ Б.Сэржав

5. “Япон улсын эдийн засгийн төлөвлөлтийн зарим нэг туршлага” Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны ажилтан, докторант П.Наранбаяр

6. “Япончууд болон тэдний соёлын талаарх судлаачдын үзэл баримтлалыг авч үзэх нь” МУИС, ГХСС доктор/Ph.D/ С.Баттулга

7. “Вака бол метафоре юм” МУИС, МХСС, докторант Э.Тогтуун

8. “Япон улсын боловсролын тогтолцооны тухай” ШУА-ийн ОУСХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан М.Болормаа

2008年12月22日月曜日

Монголын Япон судлалын нийгэмлэгийн хоёр дахь удаагийн хуралдаан амжилттай болж өндөрлөлөө

Тус нийгэмлэгээс Япон улсын ЭСЯ-тай хамтран зохион байгуулсан "Японы улс төр, эдийн засаг, гадаад харилцаа" сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2008 оны 12 сарын 20-ны Бямба гарагт МУИС-ын Хичээлийн 2-р байрны 169 тоот танхимд явагдлаа. Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд ноён Ичихаши Ясүёши, Гадаад харилцааны яамны Азийн газрын дарга ноён Ганболд, Монголын Япон судлалын нийгэмлэгийн дарга Ц.Батбаяр нар хурлыг нээж үг хэлэв. ЭШХ-ын үдээс өмнөх хуралдааныг МУИС-ийн ОУХДС-ийн захирал хатагтай Алтанцэцэг, үдээс хойшхи хуралдааныг тус нийгэмлэгийн дарга Ц. Батбаяр нар тус тус даргалав.

Энэ жилийн ЭШХ-ын тусгай илтгэлийг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал доктор Ч.Хашчулуун "Санхүүгийн хямрал ба Японы эдийн засаг" хэмээх сэдвээр тавьсан нь хуралдаанд оролцогчдын анхаарлыг татсан, сонирхолтой илтгэл боллоо. ЭШХ-д тавигдсан бусад илтгэлүүдийг тавигдсан дарааллаар нь жагсаав. Эдгээр илтгэлүүд нь 2009 онд өгүүллийн товхимол болон хэвлэгдэн гарах болно.

  1. "Мэйжигийн эрин үе дэх Японы гадаад бодлогын номлолын тухайд" Байгаль орчны яам, П.Наранбаяр
  2. "Японы гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүд" Гадаад харилцааны яам, Э. Сарантогос
  3. "БНАСАУ-д хулгайлагдсан иргэдийн асуудалд", Ерөнхийлөгчийн тамгын газар, О.Жаргалсайхан
  4. "Японы шүүх засаглалын талаар" МУИС-ийн Хууль зүйн сургууль, М.Батсуурь
  5. "Япон Хятадын харилцаа" Гадаад харилцааны яам, Түүхийн ШУ-ны доктор, Ц.Батбаяр
  6. "Үндсэн эрхийн хамгаалалт" МУИС-ийн Хууль зүйн сургууль, А.Бямбажаргал
  7. "Японы улс төрийн амьдралд гарсан өөрчлөлт 2007-2008 онууд" Улаанбаатарын Их сургууль, Ц.Амгалан
  8. "Японы орчин үеийн улс төрийн тогтолцооны туршлагаас суралцах нь" ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, У.Загдцэсэм
  9. "Японы эрчим хүчний тогтолцоо" ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн, Т. Амгалан



2008年11月28日金曜日

Хурлын тов хойшиллоо

Доор зарласан Монголын Япон судлалын нийгэмлэгийн 2008 оны хуралдаан 12 сарын 13-ны Бямба гаригт товлогдсон байсан нь долоо хоногоор хойшилж, 2008 оны 12 сарын 20-нд болсныг анхаарна уу. Хурал болох газар болон цаг хэвээр байгаа болно.

2008年11月10日月曜日

Зарлал

Монголын Япон Судлалын Нийгэмлэгээс зохион байгуулж буй “Японы улс төр, эдийн засаг, гадаад харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2008 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 10.00 цагт Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн II байрны 169 тоот танхимд болох тул япон судлаачид болон Япон орныг сонирхогч өргөн олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Монголын Япон Судлалын Нийгэмлэг
Монгол дахь Япон Улсын Элчин сайдын Яам

Илтгэл тавихыг урьж байна

Япон судлаачдын анхааралд

Монголын Япон Судлалын Нийгэмлэгээс “Японы улс төр, эдийн засаг, гадаад харилцаа” сэдвээр эрдэм шинжилгээний хурал 2008 оны 12 дугаар сарын 20-нд хийх болсон тул хуралд илтгэл тавих хүсэлтэй япон судлаачид болон энэ талаар сонирхож буй хүмүүс нийгэмлэгийн
majstudies@yahoo.com mail хаяг, 317185, 99047718 тоот утсаар харилцаж илтгэлийнхээ сэдэв болон товчлолыг тус нийгэмлэгт 12 дугаар сарын 1-ний дотор ирүүлнэ үү.

Монголын Япон Судлалын Нийгэмлэг




Монгол, Японы Буддагийн шашны улс төрийн нийтлэг үзэл санааны тухайд

Ш.Бира

Одоогоос 10 гаруй жилийн өмнө миний бие Токиогийн Гадаад судлалын их сургуулийн дэргэдэх Ази, Африкийн хэл, соёлыг судлах хүрээлэнд зочин профессороор уригдан ажиллаж байхдаа Монгол, Японы Буддагийн шашны түүхийг харьцуулан судлах асуудлыг сонирхон зарим нэг судалгааны ажлыг хийж үр дүнгээс нь мэрэгжил нэгт судлаачид, оюутан багш нарт лекци, яриа хийж санал бодлоо солилцож байв. Мөн энэ талаар тусгайлан өгүүлэл бичиж нийтлүүлсэн болно.

Гэвч энэ талаар өөрийн эх орны судлаачидтай санал бодлоо төдий л хуваалцаж байсангүй. Харин өнөөдрийн уулзалтын буянаар та бүхэнтэй санал бодлоо товч боловч хуваалцах гэж байгаадаа би баяртай байна.

Аливаа орон судлалын ухаанд, ялангуяа ойр дөт улс орнуудыг судлахад харьцуулсан судалгааг хийх явдал холбогдох орнуудын харилцаа холбоог хөгжүүлэх, харилцан ойлголцох явдлыг өрнүүлэх, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх үйлст практикийн чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглүүштэй. Энэ үүднээс авч үзэхэд манай Монголын эрдэмтэн судлаачдаас Энэтхэг, Хятад, Түвд, Япон болон Азийн улс орнуудын иргэншил, соёлын талаар харьцуулсан судалгааг явуулж ирсэн нь эдүгээ цагт Монгол ба бусад улс орнуудын хооронд нөхөрсөг харилцаа, харилцан ойлголцох явдлыг хөгжүүлэхэд зохистой үр дүнгээ өгч байгаа гэдэгт би гүнээ итгэдэг. Жишээ нь: Монголын эрдэмтэн бид нараас Энэтхэг, Монголын эртний соёл, шашны харилцааг харьцуулан судалж байгаа нь тус хоёр улсын олон нийт харилцан танилцах, ойлголцох явдалд их тус нэмэр болж улмаар улс хоорондын найрамдал, хамтын ажиллагааг өрнүүлэхэд үлэмж тус нэмэр болж буй гэдэгт миний бие гүнээ итгэдэг. Манайх шиг бага улсад Хятад, Энэтхэг, Япон гэх мэтийн том улс орнуудын судалгааг дангаар нь бие даалган хөгжүүлэх хэмээвээс хүч хөрөнгө үл хүрэлцэх нь тодорхой. Ийм учраас бид эдгээр улсын хувьд Монгол оронтойгоо харьцуулан судалбал илүү хялбар бөгөөд ашиг тустай байгаа юм.

Энэ удаад би Монгол, Японы Буддагийн шашны түүхийг зарим талаар харьцуулан судлахын ач холбогдлын талаар товч өгүүлэхийг хүсэж байна.

Сүүлийн үед Япон, Монголын хооронд хүмүүнлэгийн харилцаа, тойрон аялал, албан ба хувийн айлчлал, зочлолт ихээхэн идэвхтэй хөгжиж байгаа боловч хоёр улсын түүх, соёл, шашин зан үйлд байгаа нийтлэг бөгөөд адил төстэй үнэт зүйлс цөөнгүй байгааг монгол, япон хүмүүс аль нь ч төдий л сайн мэдэхгүй байгаа учир харилцан ойлголцох явдал төдий л хангалттай бус байна. Би өөрийн амьдралд тохиолдсон наад захын нэг жишээг дурьдая. Хэдэн жилийн өмнө миний бие өөрийн нэг гадаад зочинд Жанрайсигийн сүмийг үзүүлж явахад хэдэн япон хүмүүс мөн тэнд явж байв. Монгол тайлбарлагч нэгэн залуу лам орчуулагчаар нь дамжуулан энэ бол Жанрайсиг гэдэг бурхан, монголчууд бидний их шүтээн, дөчнөөн метр өндөр, бүтээхэд нь их алт мөнгө орсон гэх зэргээр тайлбарлаж байв. Үүний хажуугаар нь миний бие өөрийн гадаад зочиндоо англи хэлээр Жанрайсиг бурхны талаар нилээд дэлгэрэнгүй тайлбарлан ярьж энэ бурхныг монголчууд түвд нэрээр нь Жанрайсиг гэдэг боловч Буддагийн шашинт Азийн орнуудад Авалокитешвара гэдэг санскрит нэрээр нь сайн мэддэг бөгөөд тэр нь бурхны шашинтнуудын нийт дундын их шүтээн. Хуучин цагт монголчууд энэ бурхныг мөн Хонсум Боддхисатва хэмээдэг байсан бөгөөд энэ нь хятад хэлнээс зээлдэн авсан “Кuan shin-yin” хэмээх нэр бөгөөд мөн япончууд ч энэ бурхны нэрийг бас хятад хэлнээс зээлдэн авч “Каннон” хэмээдэг, мөн япон хүмүүс ч их шүтдэг бурхан гэх зэргээр ярьж байтал нэг япон эрэгтэй миний ярихыг анхааралтай сонсож байснаа над руу ойртож ирээд таны ярихыг сонсоход их сонирхолтой байна, япончууд бид үнэхээр энэ бурхныг Каннон хэмээдэг, бид ч бас их шүтдэг, харин бид түүнийг танайхаас арай өөрөөр дүрслэн бүтээдэг. Танд их баярлалаа, би Монголд Каннон бурхантайгаа, тэгээд бас ийм том дүртэй нь дайралдана гэж бодоогүй. Би их биширч байна хэмээгээд халааснаасаа 5 доллар гаргаад бурханд өргөв. Чингээд үзэгч бидний хооронд нилээдгүй нөхөрсөг яриа, хөгжөөн өрнөж байж билээ. Амьдралын энэ өчүүхэн тохиолдол бол харьцуулсан судалгааны наад захын хэрэгцээний ач холбогдлын нэг тод үлгэр жишээ мөн юмаа.

Одоо би гол зүйлдээ орж Монгол, Японы Буддагийн шашинт хаант төрийн зарим нэг нийтлэг үзэл санааны талаар товч өгүүлье. Тус хоёр орон нь Их Хөлгөний Буддагийн шашин /Махаяна буддизм/ дэлгэрч байсан нийтлэг нэг шашны түүхтэй байсан билээ. Энэ учраас ч Монгол, Япон хоёрт хаант засгийн тухай адил төстэй, шашны улс төрийн нийтлэг үзэл онол үүсэн хөгжиж тэдгээрийн төр улсын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж байсан билээ.

Дундад зууны үеийн Японы түүхийг авч үзвээс буддизм нь харилцан өрсөлдөн хямралдаж байсан тархай бутархай овог аймгуудыг номхотгон нэгтгэж ертөнцийн ба номын хэмээх “хоёр ёсун”-ы засгийг хослон баригч хүчирхэг эзэн хааны нэгдсэн засаг төрийг анх үндэслэн байгуулахад чухал түүхэн үүрэг гүйцэтгэсэн ажээ. Өөрөөр хэлбэл Буддизм Японы төр улсын хөгжлийн түүхэнд нэн чухал үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. Энэ нь хожуу үеийн Монголын төр улсын түүхэнд Буддизмын гүйцэтгэсэн түүхэн үүрэгтэй харьцуулан авч үзэж болохоор байгаа юм. Өмнө дурдсан Авалокитешвара буюу Каннон боддхисатвагийн хувилгаан хэмээн алдаршсан Шотоку Тайши /574-622/ буюу хутугту тайжи Умаядо хэмээгчийн анх тунхагласан хэмээх “Jushichi-jo no Kempo” буюу “Арван долоон зүйлийн тогтоосон цааз” хэмээх Японы анхны цаазын бичигт Японы төр улсын зохион байгуулалтын үндсэн зарчмуудыг анх тодорхойлон өгсөн байдаг бөгөөд тэдгээр зарчим нь үнэн хэрэг дээрээ Буддагийн шашин, төрийн гол сургаал болох “Номын засаг” ба “Ертөнцийн засаг” хэмээх “хоёр ёсун”-ы сургаалд суурилсан байжээ. Уг цаазын бичгийн хамгийн эхний зүйлд “эв найрыг сахитугай, хямралыг тэвчтүгэй...” хэмээн онцлон зааж улмаар тэр цагийн Японы иргэдийг нэгэн эзэн хааны засгийн дор эвлэлдүүлэн нэгтгэхийг заажээ.”Кемпо” цаазын хоёрдугаар зүйлд “Гурван эрдэнийг үнэнхүү шүттүгэй, гурван эрдэнэ-Будда, Дхарма /ном гэж шашин, ном бичиг бус!/, Сангха /хуврага/ бол амьтан бүхний аврал, хүн бүрийн бишрэлийн эрхэм мөн. Хэн ч атугай энэ номыг үл шүтэн бүү үйлд. Угаас хэрцгий амьтан цөөн, номхотгож чадваас “номыг” үл дагах нь нэгээхэн ч үгүй; гурван эрдэнийн авралд эс орвоос яахан нүглийг тэвчиж чадах билээ...” хэмээжээ /Nihongi Chronicles of Japan from the earliest times A.D. 697. Translated by W.G.Aston, Charles E.Tuttle Company. Rutland, Vermant and Tokyo, 1963, p.61/

“Хоёр ёсун”-ы тухай Буддагийн үзэл баримтлал Японы хууль цаазанд батлагдан бичигдсэн төдийгүй, мөн Японы эзэн хаадын олон үеийн туршид засаг төрийн бодлого ухаанд бүрэн хэрэгжиж ирсэн түүхтэй болой. Буддагийн шашин нь Японы эзэн хааны төвлөрсөн засаг төрийг бэхжүүлэн хөгжүүлэх үйлст маш чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн хэлж болно. Манай он тооллын 8-9-р зуунд Япон нь Буддагийн шашинт эзэн хаант нэгдсэн хүчирхэг улс болон хувирав. Буддагийн хаант засгийн “хоёр ёсун”-ы төр засгийн баттай тогтолцоо болох Японы их эзэн хааны “ертөнцийн засаг” ба Хятад, Солонгосын их багш нарын “номын засаг”-ийн алдаршгүй бат барилдалгаа нэгэнт бүрэлдэн тогтсон байв. Эдгээр “хоёр ёсун”-ы засгийн нэгдлийн бэлгэ тэмдгийг илэрхийлэн 710 онд Японы шашин, төрийн анхны нийслэл хот Нара үндэслэн байгуулагдав. Тэрхүү нийслэлд монголчууд бидний сайн мэдэх Бэрүзана буюу Намнан бурхны том хүрэл цутгамал дүрийг бүтээн гол дуганадаа залан байрлуулав. Одоогийн япончууд тэрхүү Бэрүзана буюу Намнан бурхныг “Тодайжи” /Todaiji/ буюу “Их Будда” хэмээн нэрлэдэг нь бас л Бэрүзана бурхны учир утгыг одоогийн япон хүмүүс тэр болгон мэддэггүй болсны гэрч хэмээн үзүүштэй.

Монгол, Япон хүмүүсийг оюун санааны хувьд ойр дөт болгож байсан нэг чухал хүчин зүйл бол Буддагийн Их Хөлгөн судрууд байсныг онцлон тэмдэглүүштэй. Тэд хэдийгээр харилцан өөр цаг үед, харилцан адилгүй хэлээр боловч /монголчуудын хувьд голчлон түвд хэлээр, япончуудын хувьд хятад хэлээр/ нэгэн адил Буддагийн Их Хөлгөн судруудыг уншин, тахин шүтэж ирсэн байна. Үүнд ялангуяа “Эрхт сударнуудын хаган Алтангэрэл нэрт Их Хөлгөн судар”-ыг хааны засгийг сахин тэтгэгч их судар хэмээн Монгол, Япон хоёрт үлэмж тахин шүтэж ирсэн түүхийг товч боловч сануулах хэрэгтэй. Энэхүү судрыг санскритаар “Suvarnaprābhasottama-sūtra” хэмээдэг бөгөөд япончууд “Konkomyokyo” хэмээн нэрлэдэг. Энэхүү судар нь аль 7-р зуунаас эхлэн Японд дэлгэрч “Цагаан лянхуа”, “Билгийн чанад хязгаарт хүргэсэн” хэмээх хоёр их хөлгөн судрын хамт “Төрийг сахин тэтгэх гурван судар” /”Toкокү самбуке”/ хэмээн онцлон тахин шүтэж иржээ. 694 онд “Алтан гэрэл” судрыг нэг зуун хувиар барлаж Японы мужаар түгээж, түүнийг тэргүүн сарын шинэдээр алдалгүй тогтмол уншуулж байхыг хуульчлан тунхаглажээ. Үүнээс хойш энэ судрыг “Төрийг сахин тэтгэх судар” хэмээн тахих явдал Япон даяар дэлгэрэв.

Мөн үүний нэгэн адил “Алтангэрэл” судрыг монголчууд аль Монголын Их Язгуур буюу Юан улсын үеэс эхлэн тахин шүтэж, ялангуяа XYI зуунд Түмэдийн Алтан хааны үеэс дахин сэргэж улам өргөнөөр нийт Монгол даяар Түвд, Монгол хэлээр түгэн дэлгэрч сүүлийн үе хүртэл бараг Монгол айл өрх бүрийн хоймор залагдан тахигдаж байв.

“Алтангэрэл” судрыг Монгол, Японд ийнхүү онцлон тахин шүтэж байсны гол учир бол тэрхүү сударт номын их хаадын тухай болон тэдний буян үйлсийн талаар болон мөн энэхүү судрыг тахин шүтэж байхын тус буяны талаар ихэд номлосон байдаг юм. Судрын арван хоёрдугаар бүлэг бүхэлдээ “Хааны шашдир” /Rajaśastra/ хэмээх хааны засаг төрийн тухай сургаалд зориулагдсан байдаг. Энэ учраас ч эртний япончууд, монголчуудын анхаарал сонирхлыг онцгой татаж байсан хэмээн үзэж болно.

Мөнхүү сударт номлосон хаан бол “Тэнгэрийн хөвгүүн” /Devaputra/ мөн хэмээх үзэл бол эзэн хаанаа “Тэнгэр бурхны” ер бусын удамтай хэмээн үздэг эртний япон, монгол хүмүүсийн үзэл санаанд илүүтэй зохицож хааныгаа элдвээр өргөмжлөн тахин шүтэж байсны учир шалтгааныг олж мэдэхэд чухал ач холбогдолтой нь тодорхой.

Эцэст нь дүгнэн хэлэхэд: Монгол, Япон хоёр нь хэдийгээр газар зүйн хувьд алслагдан хол оршиж, шууд харилцаа холбоогүй явж ирсэн боловч бурхан Буддагийн дэлхийчлэгдсэн их сургаалын хүчээр нэгэн хэсэг үе оюун санааны нандин барилдлагатай болж, Буддагийн нийтлэг нэг соёлын хүрээнд хамаарагдаж байсныг бид мэдэж байхад илүүдэхгүй буй за. Үүний дүнд тус хоёр улсын соёл, хэв заншил болон түүх, нийгэм, улс төрийн үзэл санаанд ч нийтлэг бөгөөд адил төстэй зүйлс цөөнгүй буй болсныг бид умартах учиргүй.

2007年12月11日火曜日

Монголын Япон Судлалын Нийгэмлэгийн эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Япон төвийн хурлын танхимд “Японы соёл: Уламжлал ба шинэчлэл” сэдэвт Монголын Япон судлалын нийгэмлэгийн /МЯСН/ 2007 оны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа. Энэхүү хурлыг Монголын Япон судлалын нийгэмлэг, Япон улсын Элчин сайдын яам, Монгол Япон төв хамтран зохион байгуулжээ.

Хурлыг МЯСН-н тэргүүн, түүхийн ШУ-ны доктор Ц.Батбаяр, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, ШУ-ны доктор Л.Хайсандай нар даргалав. Хурлыг нээж, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Х.Кобаяши үг хэлсэн бөгөөд мөн ГХЯ-ны ТЗУГ-ын дарга, Монгол Японы Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн Л.Дашпүрэв, ОУМС-ын холбооны ЕНБД, академич Ш.Бира, ШУА-ийн ОУСХ-ийн захирал, доктор Л.Хайсандай нар уг эрдэм шинжилгээний хуралд баяр хүргэн нээлтийн мэндчилгээ дэвшүүллээ.

Хурлын тусгай илтгэлийг “Япон Монголын буддын шашны улс төрийн нийтлэг үзэл санааны тухайд” сэдвээр академич Ш.Бира гуай тавьж, салхи хагалсны дараа Монголд Японыг тухайлан судалж, энэ улсын соёл, утга зохиол, түүхийг танилцуулж буй дунд залуу үеийн эрдэмтэн судлаач, сонирхогч нар Японы соёл хэмээх өргөн сэдвийг хамарсан илтгэлүүд тавилаа.

Японы Соёл Утга зохиолын Төвийн тэргүүн Д.Төмөрбаатар “Чюүшингүра ба орчин үеийн япон хүн” сэдвээр, зохиолч Г.Аюурзана “Зэн буддизм ба монголчуудын язгуур сэтгэлгээний уялдаа” гэсэн сэдвээр, доктор Ц.Батбаяр “Шиба Рёотаро ба Японы түүх, соёлын зарим асуудал” сэдвээр, ШУА-н ОУСХ-ийн судлаач доктор Б.Сэржав “Японы газар тариалангийн соёл: цагаан будааны тухай” сэдвээр, МУИС-ийн Япон судлалын тэнхимийн тэргүүлэх профессор, доктор Т.Мөнхцэцэг “Япончуудын ус шүтэх ёсон тэдний сүсэг бишрэлтэй холбогдох нь” гэсэн сэдвээр, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал доктор Ч.Хашчулуун “Японы бизнес соёл” сэдвээр, БОЯ-ны мэргэжилтэн П.Наранбаяр “Японы төрийн албаны онцлогийн тухайд” сэдвээр, ШУА-н ОУСХ-ийн судлаач, доктор А.Буянтөгс “Японы уламжлалт соёл: Цайны ёсон” гэсэн сэдвээр, ШУА-ийн ОУСХ-ийн судлаач З.Мэнд “Япончуудын үүсэл ба философи сэтгэлгээний онцлог” гэсэн сэдвээр тус тус илтгэл тавилаа.

1990 оноос хойш манай хоёр орны харилцаа өргөжин хөгжсөөр, өнөөдөр иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрээд байна. Харилцаа, хамтын ажиллагааны энэхүү өрнөл хөгжил, өргөн цар хүрээ, үйл явцыг дагалдан Монголд Япон судлал төлөвшин амжилттай хөгжиж байна. Япон судлалыг цаашид гүнзгийрүүлэх хөгжүүлэх нь зах зээлийн тогтолцоонд шилжиж, урт хугацааны хөгжлийн цогц бодлогоо тодорхойлж байгаа өнөө үед Япон улсын хөгжлийн зүй тогтлыг танин мэдэх, эдийн засаг, боловсрол зэрэг салбарт олсон амжилт, хөгжлийн явцад тулгарсан ижил төстэй бэрхшээлтэй асуудлыг хэрхэн даван туулсан туршлагыг судлан Монгол орныхоо хөгжлийн асуудалд тусган хэрэгжүүлэх нь юу юунаас чухал ач холбогдолтой.

Монголын Япон Судлалын Нийгэмлэг