2007年12月11日火曜日

Монголын Япон Судлалын Нийгэмлэгийн эрдэм шинжилгээний бага хурал боллоо

2007 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Монгол Япон төвийн хурлын танхимд “Японы соёл: Уламжлал ба шинэчлэл” сэдэвт Монголын Япон судлалын нийгэмлэгийн /МЯСН/ 2007 оны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа. Энэхүү хурлыг Монголын Япон судлалын нийгэмлэг, Япон улсын Элчин сайдын яам, Монгол Япон төв хамтран зохион байгуулжээ.

Хурлыг МЯСН-н тэргүүн, түүхийн ШУ-ны доктор Ц.Батбаяр, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, ШУ-ны доктор Л.Хайсандай нар даргалав. Хурлыг нээж, Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын хэргийг түр хамаарагч Х.Кобаяши үг хэлсэн бөгөөд мөн ГХЯ-ны ТЗУГ-ын дарга, Монгол Японы Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн Л.Дашпүрэв, ОУМС-ын холбооны ЕНБД, академич Ш.Бира, ШУА-ийн ОУСХ-ийн захирал, доктор Л.Хайсандай нар уг эрдэм шинжилгээний хуралд баяр хүргэн нээлтийн мэндчилгээ дэвшүүллээ.

Хурлын тусгай илтгэлийг “Япон Монголын буддын шашны улс төрийн нийтлэг үзэл санааны тухайд” сэдвээр академич Ш.Бира гуай тавьж, салхи хагалсны дараа Монголд Японыг тухайлан судалж, энэ улсын соёл, утга зохиол, түүхийг танилцуулж буй дунд залуу үеийн эрдэмтэн судлаач, сонирхогч нар Японы соёл хэмээх өргөн сэдвийг хамарсан илтгэлүүд тавилаа.

Японы Соёл Утга зохиолын Төвийн тэргүүн Д.Төмөрбаатар “Чюүшингүра ба орчин үеийн япон хүн” сэдвээр, зохиолч Г.Аюурзана “Зэн буддизм ба монголчуудын язгуур сэтгэлгээний уялдаа” гэсэн сэдвээр, доктор Ц.Батбаяр “Шиба Рёотаро ба Японы түүх, соёлын зарим асуудал” сэдвээр, ШУА-н ОУСХ-ийн судлаач доктор Б.Сэржав “Японы газар тариалангийн соёл: цагаан будааны тухай” сэдвээр, МУИС-ийн Япон судлалын тэнхимийн тэргүүлэх профессор, доктор Т.Мөнхцэцэг “Япончуудын ус шүтэх ёсон тэдний сүсэг бишрэлтэй холбогдох нь” гэсэн сэдвээр, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн захирал доктор Ч.Хашчулуун “Японы бизнес соёл” сэдвээр, БОЯ-ны мэргэжилтэн П.Наранбаяр “Японы төрийн албаны онцлогийн тухайд” сэдвээр, ШУА-н ОУСХ-ийн судлаач, доктор А.Буянтөгс “Японы уламжлалт соёл: Цайны ёсон” гэсэн сэдвээр, ШУА-ийн ОУСХ-ийн судлаач З.Мэнд “Япончуудын үүсэл ба философи сэтгэлгээний онцлог” гэсэн сэдвээр тус тус илтгэл тавилаа.

1990 оноос хойш манай хоёр орны харилцаа өргөжин хөгжсөөр, өнөөдөр иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрээд байна. Харилцаа, хамтын ажиллагааны энэхүү өрнөл хөгжил, өргөн цар хүрээ, үйл явцыг дагалдан Монголд Япон судлал төлөвшин амжилттай хөгжиж байна. Япон судлалыг цаашид гүнзгийрүүлэх хөгжүүлэх нь зах зээлийн тогтолцоонд шилжиж, урт хугацааны хөгжлийн цогц бодлогоо тодорхойлж байгаа өнөө үед Япон улсын хөгжлийн зүй тогтлыг танин мэдэх, эдийн засаг, боловсрол зэрэг салбарт олсон амжилт, хөгжлийн явцад тулгарсан ижил төстэй бэрхшээлтэй асуудлыг хэрхэн даван туулсан туршлагыг судлан Монгол орныхоо хөгжлийн асуудалд тусган хэрэгжүүлэх нь юу юунаас чухал ач холбогдолтой.

Монголын Япон Судлалын Нийгэмлэг