2007年8月14日火曜日

Монголын Япон судлалын нийгэмлэгийн товч танилцуулга

Монголын Япон судлалын нийгэмлэгийг эрдэмтэн, судлаач нар болон олон нийтийн санаачилгаар 2007 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үүсгэн байгуулж, нийгэмлэгийн дүрмийг батлан Удирдах зөвлөлийг сонголоо.
Тус нийгэмлэг нь Монгол Улсад япон судлалыг бүх талаар хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх, Японы нийгэм эдийн засгийн хөгжил, дэвшил, шинжлэх ухаан, соёл, боловсролын салбар дахь тэргүүний ололт амжилтыг өргөнөөр сурталчлан таниулахад тус дөхөм үзүүлэхэд, Монгол, Японы ард түмэн, олон нийтийн хооронд нөхөрсөг хэлхээ холбоо, тал бүрийн хамтын ажиллагааг бүхий л аргаар дэмжин хөгжүүлэх улмаар улс орноо Япон оронд сурталчлан танилцуулах зорилготой олон нийтийн байгууллага юм.

Нийгэмлэг нь түүний зорилго, үйл ажиллагааг дэмждэг хэн бүхэнд гишүүнээр элсэн ороход нээлттэй байна.
Тус нийгэмлэг нь судалгаа, мэдээллийн “Япон судлал” сэтгүүлийг хэвлэн нийтлүүлж, нийтийн хүртээл болгоно. Мөн тодорхой сэдэв, төслөөр дагнасан ба хамтарсан судалгаа хийх, судалгааны бүтээл туурвих, хэвлэн нийтлэх явдлыг төвлөрүүлж зохицуулна.
Өөрийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу дотоод, гадаадын байгууллага, хувь хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоож хамтран ажиллах, олон улсын төрөл бүрийн хурал, симпозиум, уулзалт, семинар зэрэг арга хэмжээг зохион байгуулах, оролцох талаар нийгэмлэгийн дүрэмд заажээ.
Нийгэмлэгийн эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байх бөгөөд түүнээс сонгосон 15 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөл нь нийгэмлэгийн өдөр тутмын үйл хэргийг хариуцан явуулна.

0 件のコメント: